- Даргаасаа НУУ
- Posts
- Хэцүүхэн удирдлагын доор хэрхэн мэргэжлийн байр сууриа хадгалах вэ?
Хэцүүхэн удирдлагын доор хэрхэн мэргэжлийн байр сууриа хадгалах вэ?

Powered by Worki.mn
CARE-ЛИЙ

Ажлын орчин дахь сэтгэл зүйн хөдөлмөр
Хэрвээ та ихэнхдээ багийн уур амьсгалыг зөөллөдөг, хүн бүрийг эвтэйхэн байлгах гэж хичээдэг, эсвэл сэтгэл зүйн дэмжлэг үзүүлдэг хүн бол — энэ ч бас хөдөлмөр юм. Үүнийг сэтгэл зүйн хөдөлмөр гэдэг. Албан ёсны ажлын тодорхойлолтод ордоггүй ч, багийг тогтвортой байлгахад чимээгүйгээр маш чухал үүрэг гүйцэтгэдэг зүйл. Жишээлбэл:
Хурлын өмнө сандралтай байгаа нэгнийг тайвшруулах
Slack дээр "уурласан ч юм шиг" бичсэн мессежийг зөөлрүүлж хариулах
Хүчтэй сэтгэл хөдлөлтэй багийн гишүүний араас хөөцөлдөх
Бусдыг хөгжилтэй байлгах, урам өгөх, дэмжих орчныг дангаараа авч явах зэргийг хэлнэ.
Гол асуудал нь сэтгэл зүйн хөдөлмөр ихэнхдээ анзаарагддаггүй, үнэлэгддэггүй, бас тэгш бус хуваарилагддаг. Ялангуяа эмэгтэйчүүд, цөөнх бүлгийн төлөөлөл, мөн өөрийгөө батлахыг хичээж буй карьерын эхний шатанд яваа залуу мэргэжилтнүүд энэ ачааг илүү үүрэх нь элбэг.
Тэгвэл хэрхэн өөрийгөө золиослохгүйгээр анхаарал халамжтай хэвээр байх вэ?
Анзаарах. Хэзээ, хэнд, яаж сэтгэл зүйн хөдөлмөр үйлдэж байна вэ гэдгээ тэмдэглэж эхлээрэй. Анзаарна гэдэг нь анхдагч алхам.
Хязгаар тогтоох. Сайхан сэтгэлтэй байна гэдэг бүхнийг дааж явна гэсэн үг биш. Дэмжиж болно, гэхдээ ганцаараа хамт олны “цавуу” мэт байхаа болих нь зүйтэй.
Бусдаар ч бас үүрүүлэх. Багийн уур амьсгалыг сайжруулах нь нэг хүний үүрэг биш. Бусдад ч орон зай өгөөд үзээрэй.
Ажлын орчин дахь сэтгэл зүйн хөдөлмөрийг хэдхэн хүн дуугүй үүрэх нь манлайлал биш, чимээгүй туйлдахын эхлэл болж болзошгүй юм.
ЗӨВ-ЛӨЕ

Хэцүүхэн удирдлагын доор хэрхэн мэргэжлийн байр сууриа хадгалах вэ?
Бүх менежер төгс харилцдаг, урам өгдөг, эсвэл тууштай байдаггүй. Харин та карьерынхаа эхэнд явж байгаа бол ийм удирдлагын доор ажиллах нь мухардалд орсон мэт санагдаж болох юм. Гэвч өөрийгөө алдахгүйгээр менежертэйгээ хамтран ажиллаж сурах арга бий. Тэдний зорилго, хэв маяг, сул тал, шийдвэр гаргах аргачлалыг ойлгосноор та өөрийн ажлыг сайн гүйцэтгэж, сэтгэлзүйгээ ч хамгаалж чадна.
💡 Эдгээр 5 аргачлалыг туршаад үз:
1. Юуг чухалчилдгийг нь олж мэд
“Энэ улиралд таны хувьд амжилт гэж юуг хэлэх вэ?” гэх мэт асуулт асуугаарай. Менежерийн харах өнцгөөр ажиллаж сурах нь чамайг илүү ойлгомжтой, стратегитай хүн болгож харуулна.
2. Стресс үүсгэгч нь юу болохыг ажигла
Сүүлчийн мөчид мэдэгдэл очихоос айдаг уу? Урт имэйл унших дургүй юу? Ийм зүйлийг мэдэж авсан бол харилцааныхаа хэв маягийг тохируулаарай.
3. Тодруул. Дахин тодруул
Хэцүү удирдлагууд ихэвчлэн бүдэг бадаг заавар өгдөг. Бүү таамагла. Хугацаа, хүлээлт, хүргэх үр дүнг баталгаажуулаарай. Давхар бичгээр тэмдэглэж үлдэх нь таныг хамгаална.
4. Хажуугаас нь чиглүүл
Хэрвээ тэд шийдэмгий биш бол та өөрөө бүтцээ бүтээж болно. Хурлын хураангуй, шийдлийн санал, богино хөтөлбөр гэх мэт өөрийн зүгээс “тулгуур” өгөөд үзээрэй.
5. Бүх асуудлыг өөр дээрээ бүү ав
Менежерийн бүх дутагдлыг өөрчлөх гэж бүү оролд. Харин таны ажлыг саатуулж буй тодорхой зүйлийг онцолж, тайван байдлаар шаардлага тавиарай.
Менежерээ та өөрчилж чадахгүй байж болно. Харин тэдэнтэй ажиллаж арга барилаа өөрчилснөөр эрч хүчээ хадгалах, найдвартай, мэргэжлийн дүр төрх бүрдүүлэх, аажмаар итгэл хүлээх боломжтой болох юм.
ОНЦЛОХ АЖИЛ ОЛГОГЧ

Жем Интернэшнл ХХК нь ажилтнуудынхаа зөвхөн ажлын гүйцэтгэлд бус, тэдний ар гэр, амьдралын нөхцөл байдалд бодитоор анхаарч, хүн төвтэй соёлыг эрхэмлэн хэрэгжүүлдэг байгууллага юм. Жем Интернэшнл нь дараах дэмжлэгүүдийг ажилтнууддаа санал болгодог:
Уян хатан ажлын цаг: Ажил, амьдралын зохистой харьцааг хангах зорилгоор уян хатан цагийн хуваарийг санал болгодог.
Сэтгэлзүйн зөвлөгөө: Сэтгэл санаагаа тайван байлгах орчныг бүрдүүлж, ажилтнууддаа мэргэжлийн сэтгэлзүйн зөвлөгөөг үнэ төлбөргүй санал болгодог
Өсөж дэвших боломж: Албан тушаалын шат ахих, ур чадвар хөгжүүлэх боломжийг бүх ажилтанд тэгш нээлттэй байлгадаг.
Эрүүл мэндийн болон гэнэтийн ослын даатгал: Ажилтны эрүүл мэндийг хамгаалах, урьдчилан сэргийлэх зорилгоор даатгалд хамруулдаг.
Байгалийн гамшгийн үед тусламж: Байгалийн гамшиг, гэнэтийн нөхцөл байдалд өртсөн ажилтнууддаа мөнгөн болон эд материалын тусламж, сэтгэл санааны дэмжлэг үзүүлэх ажлыг шуурхай зохион байгуулдаг.
Нийгмийн онцгой хэрэгцээтэй ажилтнуудыг дэмжих:
Өрх толгойлсон ээж, аавуудад зориулан илүү уян хатан цагийн зохицуулалт, амралтын нөхцөл, санхүүгийн болон сэтгэл зүйн дэмжлэг
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажилтнуудын хэрэгцээнд нийцүүлэн тусгай амралт, эмчилгээний чөлөө, шаардлагатай тохиолдолд унаа, үйлчилгээний зохицуулалт хийх зэрэг бодит туслалцаа үзүүлдэг
Ажилтан хурим хийх, шинэ гэр бүл зохиох үед баярын дэмжлэг, урамшуулал олгож, хамт олны зүгээс халуун дотноор хүндэтгэн угтдаг
Ажилтныхаа амьдралын орчныг дэмжих нь “Жем Интернэшнл” ХХК-ийн үнэт зүйлсийн нэгэн чухал хэсэг юм.
Үр дүн нь юу вэ?
Ажилтнууд сэтгэл амар, аз жаргалтай ажилладаг
Байгууллагын бүтээмж, хамт олны уур амьсгал дээшилдэг
Ажилтны үнэнч байдал, ажилдаа хандах хандлага сайжирдаг
TOXIC ДАРГА
"Дипломоо авахаас 2 сарын өмнө мэргэжлийнхээ дагуу нэгэн байгууллагад ажилд орон багаас нь эхлээд 3 жил гаран юу ч гололгүй хийж өнөөдөр албан тушаалтай хүн болов оо. Ажилдаа дөнгөж ороод удаагүй байхад байсан нэг дажгүй ааштай эгч жирэмсний амралтаа аваад саяхан ажилдаа эргэж орон миний дарга болов оо. Эхэндээ нээх олон юм ярьдаггүй миний ажил руу орж ирдэггүй байснаа намайг хуралд суугаагүй үед юу ч хийдэггүй л юм байна лээ гэж хэлснийг нь бүүр захирлынхаа амнаас сонсов. Намайг бодвол тэр хүнтэй тоотой хэдэн жил хамт ажилласан захирал маань тэр хүний тухай ийм тийм ааштай нээх итгээд байхаар биш чи өөрийгөө хамгаалах юмаа сайн хийгээрэй гэж захисан юм. Удаач үгүй би өөрөө жирэмсэн болж учир байдлаа хэлсний дараа "Яг ажил эхлэх гэж байхад ингэлээ тэглээ" ухааны юм ярьсан. Би ч нээх юм бодолгүй онолын мэдлэгээс өөр юм үгүй намайг тоож ажилд авсан компанийнхаа төлөө, дараагийнхаа хүний ажлыг ойлгомжтой байлгах үүднээс дараа жил хийх ажлынхаа төлөвлөгөөг гаргаад сууж байхдаа энэ хүний талаар бодоод, хамт ажилладаг эгч маань хүртэл энэтэй бол чадахгүй ээ гээд гараад явсны учрыг сая л ойлгов. Нийлж явдаг хүнийхээ хүртэл ар хударгаар худлаа үнэн юм яриад л нөгөөхөө гомдоогоод , хүний хийсэн ажлыг өөрөө хийсэн болгоол, амбиц гаргаж бусдын дургүйг хүргэх ямар хэрэг байна аа даргаа? 😅 гээд хэлчихмээр л байна. Явахын хооронд юу гэхэв дээ. 3 жил ажиллахад надтай ам зөрж байсан хүн нэг ч байсангүй бүгд л даруухан ухаантай охин шүү л гэдэг байлаа. Энэ чигээрээ л үлдье☺️

💌 ЭНД дарж өөрийн toxic удирдлагатай ажиллаж байсан түүхээ бидэнтэй хуваалцаарай. Бид дараа дараагийнхаа шууданд нийтлэх болно.
КАЛЕНДАРАА БУДААРАЙ

САНАЛ БОЛ-ГОЁ
Worki дээр нийтлэгдсэн байгаа ОНЦЛОХ ажлын зарууд
Төслийн менежер | Покет ББСБ
Цалин: 3,000,000₮ - 3,500,000₮
Хүний нөөцийн менежер | Гэр контент групп
Цалин: Хамгийн багадаа 2,000,000₮
Сошиал медиа мэргэжилтэн | Юнител
Цалин: Хамгийн багадаа 2,500,000₮
Ажил олгогчийн брендийн менежер | Монголиа Талент Нэтворк
Цалин: 2,000,000₮ - 2,500,000₮
Худалдааны төлөөлөгч | Цэс Хайрхан ХХК
Цалин: 3,000,000₮ - 3,500,000₮
✍CV-гээ хэрхэн тултал нь бичихээ мэдэхгүй байвал ЭНЭ нийтлэлийг уншаарай.
МЭЙЛЭЭ ХААХААСАА ӨМНӨ....

🤗 Зөвхөн өөртөө зориулах “me time” гаргахаа мартуузай.
Карьер, ажил мэргэжлийн хувьд өсөж дэвжих зорилготой байгаа танд зориулан заавал үзэх, унших, сонсох лист бэлтгэлээ.
📺 Үзэх лист: Жижиг, дунд бизнес эрхлэгчдийн төлөөлөл болох “Gate” сүлжээ рестораны үүсгэн байгуулагч Мөнхсайхан, худалдааны бизнес эрхлэгч, комедиан Хану болон Z үеийн төлөөлөл контент бүтээгч Aмин-Эрдэнэ нарын "GEN-Z нартай ажиллах ямар вэ?" гэх сэдвээр ярилцсан олон өнцгийг тусгасан сонирхолтой ярилцлагыг үзэхийг санал болгож байна.
📚 Унших лист: 8-р сард унших номоор Кал Ньюпортын “Deep Work” номыг санал болгож байна. Орчин үед “завгүй” байдал нь үнэлэгддэг ч, үнэн хэрэгтээ анхаарлаа бүрэн төвлөрүүлж, үнэ цэнтэй ажилд оролцож чадах чадвар л өрсөлдөхүйц мэргэжилтний гол ялгарал болж байна. “Deep Work” нь төвлөрлийг эрчимтэй хөгжүүлэх практик арга зам болон бүтээлч, оюуны өндөр түвшний ажлуудыг амжилттай хийх сэтгэлгээний суурийг тайлбарладаг.
🎧 Сонсох лист: Untie подкастын 31 дэх дугаарт “UBCab Holding" ХХК-ийн хамтран үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал О.Золбаяр оролцлоо. Түүнтэй ярилцсан зангиагүй ярилцлагаас мэдлэг, шинэ санаа авна гэдэгт итгэлтэй байна.