- Даргаасаа НУУ
- Posts
- 2025 ондоо юуг үлдээх вэ?
2025 ондоо юуг үлдээх вэ?

Powered by Worki.mn
CARE-ЛИЙ

2025 ондоо юуг үлдээх вэ?
Энэ оны сүүлийн сар ийнхүү эхэлж байна. Юу юугүй шинэ оны зорилгуудаа бичих өдрүүд хаяанд ирэх нь. Шинэ зорилтуудаа тодорхойлохоос өмнө 12-р сардаа багтааж 2025 ондоо юуг үлдээн, тавьж явуулах вэ гэдгээ нэг эргэцүүлээрэй. Муу зуршлууд, таны энергийг сордог хүмүүс, үр ашгаа өгдөггүй хөдөлмөр гэх зэрэг том зүйлсээс гадна хэзээ ч орж хардаггүй групп чатуудаас эцэст нь нэг юм гарах гэх мэт жижиг зүйлс ч хамаарах юм. Эдгээрийг тодорхойлоход туслах өөрөөсөө асуух асуулт:
“Ямар зүйлсийг үнэндээ хэрэггүй болсныг нь хүлээн зөвшөөрөхөөс эмээгээд хаяж чадахгүй яваа вэ?”
Хэрэггүй зүйлсийг орхиж чадсанаар л ирэх ондоо зөв зүйлсэд зориулах орон зай бий болно.
ЗӨВ-ЛӨЕ

Таны төлөвлөгөө > бусдын яаралтай хүсэлтүүд
Бидэнд ажлын долоо хоногоо бусдаас ирэх хүсэлтүүдээр дүүргэх үеүд тохиолддог. Энэ нь өөрийн гэсэн зорилго байхгүйдээ биш, харин ажлын эрэмбэ дарааллаа тодорхой тавьж өгөөгүй үед тулгардаг асуудал.
Slack мессеж. Гялс гялс гэсэн асуултууд. Гэнэтийн уулзалтын урилга. “Санал?” гэсэн гарчигтай и-мэйл. Эдгээр нь дангаараа асуудал биш ч таны анхаарлыг жинхэнэ зорилгоос чинь холдуулж, нүдэнд тод, чихэнд чанга сонсогдож буй зүйлсэд төвлөрүүлэх нь бий.
Ажлын долоо хоног илүү реактив байх тусам, ажил тань стратегийн бус болж, чухал ажлууд хойшлох эрсдэлтэй байдаг. Гаднын хүсэлтүүд таны төлөвлөгөөний нэг хэсэг биш учир эдгээр нь шүүлтүүрээр шүүгдэх ёстой, шууд хийгдэх шаардлагагүй юм.
Долоо хоногийн эхэнд таны хувьд чухал гэсэн ажлуудаа эхэлж тодорхойлоорой. Календарь дүүрэхээс өмнө, үр бүтээлтэй долоо хоног ямар харагдахыг өөрөө эхлээд шийдэх нь зүйтэй. Дараа нь ирж буй хүсэлтүүдэд шууд биш, боломжийнхоо хүрээнд хариу өгөөрэй.
Гоё түүх /Ярия Мария/
Англид сурч байх хугацаандаа би 5 давхар том дэлгүүрт хагас цагаар ажилладаг байсан юм. Тус дэлгүүр нь бүх төрлийн бараа бүтээгдэхүүн зардаг бөгөөд би хувцасны тасагт ажилладаг байлаа. Би ажилдаа маш хариуцлагатай, хурдан хийх зүйлсээ хийдэг байсан болохоор ихэнхдээ бусдаасаа илүү ажилладаг байсан. Манай дэлгүүрийн хүний нөөцийн менежер, салбарын захирал зэрэг удирдлагууд дээд давхарт байрладаг байсан бөгөөд би ажилдаа чин сэтгэлээсээ ханддаг байсан тул тэдний анхааралд ч орж, салбарын захирал хүртэл намайг таньдаг болсон байлаа. Жил гаруй ажилласны дараа би 1 сар хагасын аялалд явахаар шийдэж, ажлаасаа гарахаар болсон. Учир нь ийм урт хугацааны чөлөө хэнд ч олгодоггүй байсан, бүр найз маань хүртэл сар гэр лүүгээ явах гээд зөвшөөрөл авч чадаагүй юм. Тэгээд менежертэйгээ уулзаж өргөдлөө өгтөл захирал маань дуудуулж, яагаад гарах гэж байгааг асуугаад би шалтгаанаа хэлтэл тэр даруй хүний нөөцийн менежер дээр дагуулж ороод, “Энийг гаргахгүй ээ, чөлөөг нь зохицуулаад олгоорой” гэж хэлсэн. Тэр мөч надад үнэхээр онцгой санагдсан. Жижигхэн зүйл мэт боловч хичээнгүй, чин сэтгэлээсээ ажилласан маань үнэхээр үнэлэгдсэн юм байна гэж мэдэрсэн.

💌 ЭНД дарж ажлын байранд өөрт нь тохиолдож байсан урам зоирг өгөх гоё түүхээсээ бидэнтэй хуваалцаарай. Бид дараа дараагийнхаа шууданд нийтлэх болно.
КАЛЕНДАРАА БУДААРАЙ

САНАЛ БОЛ-ГОЁ

Worki дээр нийтлэгдсэн байгаа ОНЦЛОХ ажлын зарууд
Хүний нөөцийн менежер | Гэр контент групп
Цалин: Хамгийн багадаа 2,800,000₮
Тооцооны нягтлан бодогч | Хоббизоон
Цалин: Хамгийн багадаа 2,500,000₮
График дизайнер| Гэр контент групп
Цалин: Хамгийн ихдээ 3,000,000₮
Цахим сургалтын зохицуулагч | Уанскай
Цалин: Хамгийн багадаа 2,800,000₮
ЗУРАГЛААЧ, ЭВЛҮҮЛЭГЧ | Creative Forces
Цалин: 2,500,000₮ - 3,000,000₮
✍CV-гээ хэрхэн тултал нь бичихээ мэдэхгүй байвал ЭНЭ нийтлэлийг уншаарай.
МЭЙЛЭЭ ХААХААСАА ӨМНӨ....

🤗 Зөвхөн өөртөө зориулах “me time” гаргахаа мартуузай.
Карьер, ажил мэргэжлийн хувьд өсөж дэвжих зорилготой байгаа танд зориулан заавал үзэх, унших, сонсох лист бэлтгэлээ.
📺 Үзэх лист: Эсээ бичээч, youtuber Mina Le-ийн бид заавал бүтээмжээ өсгөх шаардлагатай юу гэх сэдвийг хөндсөн “You don’t have to productive” видео эсээг үзэхийг бид санал болгож байна.
📚 Унших лист: Unread медиагийн “Сансрын умдгийг хэн атгах вэ” нийтлэлийг бид санал болгож байна. Уг нийтлэлээс Элон Маск, Жефф Безос нарын тус бүрийн компаниудын онцлог, давуу тал, ирээдүйд авчрах үр дүн болон тэдний өрсөлдөөн сансраас өөр ямар салбарт өрнөж буйг дэлгэрүүлэн уншаарай.
🎧 Сонсох лист: “Yriy Mariy” подкастын “Хүний нутагт Монголчуудын зан” хэмээх шинэ дугаар цацагдлаа. Энэ бол ажлын байранд тохиолддог токсик мөчүүд болон урам зориг өгсөн эерэг түүхүүдийг хуваалцдаг Worki-ийн подкаст юм. Энэхүү подкастаар бид бодит түүхүүдийн хүрээнд ажил, хамт олон, соёл, хандлагын тухай нээлттэй ярилцаж бусдын туршлагаас суралцах, эргэцүүлэх, урам зориг авах орон зайг бүрдүүлж байна.